/Хүрээ хөвгүүн Гончигийн Ням-очирт зориулсан гэрэлт тэмдэглэл /
1. Есдүгээр ангид намрын ажлаар Зурагтын ногоон зооринд лууван үүрээд халтайж явахад минь тэр намайг эргэж ирэв. Миний муу найз ядарч байна уу? Май тамхил... Дээгүүр доогуур амьтан хүн дээрэлхээгүй биз дээ? Тэгвэл мань нь чөмгийг нь ташаад, чөдрийг нь тасдаад өгье гэснээ үүдэн шүдгүй ам гаргаж сэргэн мандалтын үеийн суут хөгжмийн зохиолчийн ИНЭЭД-ээр инээсэн билээ. Энэ бол тэртээ 1992 оны явдал байлаа. Харин өчигдөрхөн “Хөх мэдрэхүйн” яруу найргийн зүгээр л уншлаганд “Хип хопынхны халуун ам бүлийг төлөөлөн” мэнд хүргэж үг хэлнэ лээ. Ерөнхийлөгч Баавар нь хар тамхины хэргээр орчихсоны араар манай ХҮН ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах санаатай нь их тодорхой анзаарагдав. Хөөрхий түүний насан багынх нь мөрөөдөл гэдгийг би одоо зүрх гарган илчилье. “Намайг дагаад цэнгэ, намайг дагаад цэнгэ” гээд гар хөлөө эв хавгүй савлаж явахдаа тэр лав нас 30 хүрчихсэн байсан юм. Харин “зуун лангийн жороо луусыг жуузан дундаа хөлөглөнө дөө?” гээд Хүрээ хөвгүүд зуун граммын ард дандаа дуулдаг байлаа. Тэр үед л энэ хүн БОГД хаантай хувь заяагаа, бурхан шашинтай үйлийн үрээр холбогдсон гэх үү дээ? Тэгээд нэг юм азаар яруу найргаас хасагдаж, /өөрөө бол яруу найргийг амьдралаасаа хассан ухааны юм сийхгүй зална/ дэмий баахан шүлэг бичих нэг хүнээр Монголын уран зохиол “дутаж” хүүхдүүдийн хэлдэгээр “азны” юм болсон юм. Тэгээгүй бол өдийд “Халх шүлэг” энэ тэр гэсэн хаана ч байхгүй юм яриад явж байж чадах нөхөр гэдгийг нь би түүнтэй хамт туулж өнгөрүүлсэн өдөр хоногуудын уртад хангалттай мэдэх болжээ.
2. Тийш ганганан өнгөрөгч аяны шувууд
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт
Тэмүүлэл хүслэн мэт хавар цагийг авчирахгүй
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй
Есдүгээр ангийн банди /одоогийн ХХ холбооны ерөнхийлөгчид санаархагч Ням-Очир/ энэ шүлгийг өчигдөр шөнө бичлээ гээд уншиж байсан 1992 оны хаврыг би маш тодхон санаж байна. Үнэндээ алмайрч билээ. Би болбоос тэр үед “Балдан гуайн бага охин бодогдоод л байна” гэсэн шүү хольцгүй шижир люмпен түмпэн шүлэг бичиж суулаа шүү дээ? Чухам хэдий завандаа цуглуулсан нь үл мэдэгдэх түвд монгол ном хоёр авдар дүүрэн байх бөгөөд би түүнээс нь гуйж унших нэрээр “хулгайлан” авч бишгүй гэгээрсэн явдал буй. Нэг хэсэг бид хоёр нэг дууг тун муухайгаар гуйвуулан дуулдаг байлаа. “Хөх яргуй, хөх яртай, хүүхэд бидний хөгжил баяслын дуу, хөх яргуй, хөх яртай" гэж... хаа сайгүй л толгой нийлүүлэн дуулж явдаг байв. Тэр үед үеийн охид бидэн хоёрыг эрүүл бус гэж үздэг байснаас гадна сод их билгүүн эрдэмтэй гэж боддог байв. Тиймээс ганц нэг азгүй нь ганц нэг сар үерхэж үзээд их зовсон билээ. Охид гэснээс Динозаврын хонхорт /одоогийн 1-р хороолол/ болсон тэр нэгэн өвлийн өдрүүдийг бодохоор одоо ч ар нуруу арзасхийдэг юм. Нэг буриад эмгэнд байцаагдаж суусан тэр айхтар өдрүүдэд Савка /түүний олон нэрний нэг / бид хоёрын дунд салж хагацахааргүй үйлийн үр бүрэлдэж, Гончиг ахын олж ирсэн шуудай дүүрэн ятууны махыг чанаж идээд, хөлсөө арчаад, улаан тамхи ороож суусан утаа шиг өдрүүдээ би мартвал тэр үхнэ, тэр мартвал би үхнэ.
Маани уншаад л сууж байдаг хөгшин эмээтэйгээ их гэрийнхээ хаяанд бага гэрт амьдрагч түүний босгыг элээсэн арван хэдэн насны дурсамжуудыг өрж босговол цаст их Гималайн дайны биш юм аа гэхэд Алтай таван богдын хиртэй өндөр юм босно гэхээр сэтгэл нэг л хөнгөн зүйлээр дүүрч хөөрөн алддаг билээ. Номын их багш Огторгуйн цагаан гарьддаа очиж мөргөчихөөд намайг дагуулаад алхаж явахдаа "Би энэ хүнийг дээдлэн шүтэж, хожим алив бодсон санасандаа хүрнэ” гэж айлдсан нь 1994 оны хаврын тэргүүн сарын шинийн хоёрон байж билээ. Тэр орой нь Энхээ, Дашка дөрвүүл тэдний гэрт ногоон ОРОЯЛ спирт таван усаар найруулаад ууж суухдаа “Гандан уулын цэцэг нь... гажаа нь үгүй шулуун даа? хө” гээд хоолой нийлүүлэн хүнгэнүүлж байж билээ. Үнэхээр л багшийгаа тэнгэрт дүүлэн дүүлтэл дээдлэн шүтсэн сэтгэл нь “гажаа нь үгүй“ байсныг би батална. Хэрэв Түвд- Монгол ном унших голын хийгээ эрт хийгээд хэт хөгжүүлээгүй бол “жил бүхэн жирэмслүүлнэ, хоног тоолон хошгируулна” гэсэн авч ч болохгүй, хаяж ч болохгүй шүлэг бичсэн асман этгээд айлын охид хүүхнүүд айлгаж ичээгээд явж байх байв. Үе үехэн би ямар азаар гэж боддогоо одоо хорооллын атаманаас айлгүй хэлчихье.
3. “Хэрэм нэвтлэх шинжлэл” / түүнийхээр бол херменевтик гэдэг үгийн монгол нэр / цувралыг ном болговол гэж бид хоёр саяхан ярилцсан юм. Харин нийтлэл энэ тэр бичихдээ намайг дуурайдагаа надаас нуух гэж их оролдоно. Нэг хэсэг би “хэрхэхийг тэнгэр мэдтүгэй” хэмээх үгээр бичсэн барьсан юмаа төгсгөдөг байв. Дараахан нь тэр бас энэ үгийг “бренд” болгон байнга ашиглах болов. Тэгэхээр нь би “эрүүл мэндийн өдөр эрүүл саруул сэтгэлээр бичив” зэргээр өдөр хоног сонгож бичих болов. Гэтэл энэ нөхөр мөн л “ийм тийм өдөр, ингэж, тэгж бичлээ” гэх болов. Эцэст нь би арга барагдаад “зүгээр л Батхуяг” гэх болов. Удахгүй “зүгээргүй Савка” гээд бичихийг ёстой тэнгэр мэднэ биз. Тэгэхээр тэр миний шавь, би түүний багш ч юм шиг, заримдаа тэр миний багш, би түүний шавь юм шиг болтлоо оюун санааны ороомог үүсгэсэн гэдгийг хожмын сайн хөвгүүд охид мэдвэл зохино. Ер нь Хүрээ Хөвгүүд нэг л цул бөгөөд Ломбын Нямаа, Дамбын Төрбатын тайлж мэдэхээргүй нууцлаг хийгээд зөн совингийн холбоо бийг мэдтүгэй. Намайг байнга үлгэр дуурайллаа болгодгийн яруу тод жишээ бол надтай барьцсан юм шиг Дундговиос, Дундговь дотроо бүр Гурвансайхан сумаас, Гурвансайхан сум дотроо бүр Их газрын чулууны баруун хонхороос эхнэр авч байгаа юм даа? Үүнийг үлгэрлэн дуурайх гэхээс өөр юугаар тайлбарлах билээ. Бурхан урлаач Пүрэвбатын нарийхан бичиг байхдаа манайд айлд байх ёстой хэмээн хэд хэдэн баринтагтай судар авчирч бурханы дэргэд залсан бөгөөд эхнэр бидэн хоёрыг зэрэгцүүлэн суулгаад шөнөжин арга заслын ном уншиж, эцэст нь муу ханийг минь эрхээрээ хэд сайн шавхуурдаад явж унт гэчихээд задласан архийг минь том шаазанд хийгээд залгилж билээ. Тэгэхээр аргагүй би түүнд мөргөсөн, ном уншлагын биширсэн шавь нь мөн болж таарна.
Саяханы нэг нойрны хурал дээр нүд сэтгэл сэргэтэл шүүмжлэл хэлж, өвгөн академичийг цус харвуулах шахчихаад хариу тайлбараа хэлэхээр босоход нь “гарч тамхилъя байз” гэсэн шүү юм яриад хаахаг хээхэг алхаад явчихсан гэж байгаа. Энэ этгээд гажиг зангаа орхиогүйнх нь төлөө түүнийг бичихгүй байгаа ч ясны яруу найрагч гэж ойлгодог. Хэрэв азаар мөр толгой холбохоо зогсоогүй бол би өдийд хүн чанартаа хөтлөгдөөд идэр ёсийн хүйтэн жавар сөрж, Шархадны Хурцын тасагт хэвтэх нөхрөө эргэхээр долоо хоногийн амралтын өдрүүдэд будаатай хуургатай халуун сав тэврээд шогшиж байх байлаа. Бурхан минь.
4. Хөрөг дурсамж ер нь ямар байх ёстой вэ? Тийм нэг “жор” гаргаад ирсэн аавын хүүд дээхнэ үеийн дэл сул яриагаар ёстой шууд 75-аар буугаад өгөхөд бэлэн байна. Бууж өгөх гэснээс өрвийсөн үстэй, хянган хамартай, шаймийдуу эрүүтэй /аан тийн том алаг нүдтэй/ хүү тэр үеийн Залуучуудын Соёлын ордонд болдог жинхэнэ “саак” дисконд тав зургаан бандитай ирдэг болов. Тэр нь мэдээж Савка л даа? Харин өөрийнх нь яриад байдаг шиг бууж өгөлгүй алалцаж, нүдэлдэж байхыг нь би л лав хараагүй. Өөрөө л тэгдэг юм, би ч нэг их итгэдэггүй юм. Магадгүй ганц нэг ойворгон бандийг үгээр дарамталсан байж бэлээхэн чадах этгээд л дээ? Одоо ч тэр ажил мэргэжилээ муугүй хийдгийг нь би мэднэ.
Нэгэн удаа Хүрээ Хөвгүүд цугларахаар болов. Ганцхан хүн дутуу. Цаг гаруй хүлээв. Эцэст нь ийм нэгэн арга олов.
-Савка /бид түүнийг ингэж дуудах бөлгөө/ чи хаана байна?
-Мань нь мангар их ажилтай. Амжихгүй байна. -
-Аан. Юу л даа хө. Х.Сампилдэндэв гуай өвлийн идшээ авчихаад биднээр зөөлгөх гэсэн юм гэнэ.
Утас тасрав. Таван минутын дараа. Хаалга онгойж. "Хэдүүлээ “Х.Сампилдэндэв гуай Хүрээ хөвгүүд танай идшийг зөөж өгөхөөр ирлээ” гэж зэрэг хэлнэ шүү" гэсээр орж ирэв. Ямар байна. Нөгөө их ажил яалаа. Энэ этгээдийг мөн чанарыг хоёр гурван жилийн өмнөөс таних хүн байтугай хорин хэдэн жил хүзүү толгой хэлхээтэй яваа бид ч эс мэдэх билээ.
Хөөрхий намайг “доовтор” болохоор ядан байх цагт эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандаж энэ хүнийг хамгаалуулах хэрэггүй гэсэн элдэв долоон үг хэлчихээд дараа нь юу ч болоогүй мэт тэврэлдэн зогссон бидэн хоёрыг харсан хүмүүсийн нүд орой дээрээ гараад шороон дээр унаж байв даа? Одоо зарим нэг авьяасаараа бус араншингаараа уран зохиолд үлдэхийг хүсэгсэд намайг тэр үед чи Хүрээ Хөвгүүдээсээ татгалзаа биз дээ? гэх ухааны үг унагаадаг юм. Хариуд нь би “нэгэн цагт өвс мэт бөхийвч. Өөр цагт уул мэт босно” хэмээн Ням-Очирын хэлснийг санадаг бөгөөд тэр явдал бол бидэн хоёрын гар нийлсэн олон ТОГЛОЛТ-ын нэг байсан гэдгийг өвгөд залуус үл ойлгох бөгөөд дүү нар харин гадарлах болсон нь ЮУН САЙХАН ХЭРЭГ ВЭ?
5. Осор хэмээх номт өвгөн байв. Монгол бичигт тэр цагтаа нэвтэрсэн-БУРХАН. 1995 онд бид хоёрт зориулж дуу дуулав. “Савка, Гриша хоёр сайхан цуур хийжээ. Ля Ля Ля, Ля” гээд шоолж суух болов. Савка нь мэдээж тэр, Гриша нь бий. Удалгүй өнөөх шооч өвгөн түүнийг Онгорхой шүдэт, намайг Салбархай чихт хэмээх болов. Учир нь тэр үед тийм нэг Чехословак хүүхэлдэйн кино гай юм шиг гарч байлаа. Тэр шооч өвгөн бид хоёрт номонд шүтэхийн учрыг их таниулж билээ. Тэгээд л номыг унших биш ууж эхлэв. Ховор хуучин номын дэлгүүрээс яаж ном “туух”-ыг тэр үед түүнээс сайн чаддаг хүн байгаагүй. Энэ үгийг би асар зоригтой хэлж байна. Учир нь тэр дэлгүүр одоо сураг байтугай суурь нь ч байхгүй болжээ. Гэхдээ л хэрэг хуучирдаггүй л гэх юм билээ. Номын санд өдөржин нойрмоглоод хоёулаа хажуугийнх нь гуанзанд орж Вьетнам-Монголын /дотроо мах будаа хольсон хуушууртай тул тийн нэрлэсэн билээ/ хамтарсан хуушуур гурав, гурвыг идээд 100-гийн ундаагаар даруулаад гэр гэрийн зүг салан явдаг асан тэр л гэгээн өдрүүдийг мартах аваас би үхнэ. Тэгээд ч муу найздаа хандаж багшийн хувиар хэлэхэд “Хүн чинь хүний тухай ингэж бичдэг юмш дээ? Жишээ болгон бичив. Момо нь...”
6. Айюу, зээ юу АРДЫН НАМ биш бүр аль ч НАМЫН биш Журамт цэргүүд бол Монголын утга зохиолын ХҮРЭЭ ХӨВГҮҮД билээ. ТЭДНИЙ ДУНД САВКА минь байгаа нь ТЭНГЭРИЙН ЕРӨӨЛ гэж МОМО нь боддог шүү?
/жич: үүнийг уншаад эгдүүцэх хүмүүст “БИД ТА НАРЫН ТААЛАЛД НИЙЦҮҮЛЭХ ГЭЖ АМЬДРААГҮЙ, БИЧЭЭГҮЙ, БИЧИХ Ч ҮГҮЙ. ТИЙМЭЭС ТЭРСЭЛДЭХИЙГ ХҮСВЭЛ УЛААН НҮҮРЭЭ УРДААС ХАРУУЛААРАЙ. /
2012-01-21