“Уран зураг дахь сюрреализмыг ч харж
байна л даа. Харин уран зохиолд? Нэг л төсөөлөгдөхгүй юм” гэж
ярилцагчийгаа хэлэхэд яагаад ч юм Пазыг, түүний “Давалгаатай амьдарсан
минь” гэдэг үгүүллэгийг санасан юм. “Энэ сюрреалистууд гэж хачин гаж
нөхөд. Тийм солиотой гажиг юмс зурж суухын хэрэг юу байна аа!” гэж
түүнийг давтахад “Яалаа гэж дээ!” хэмээн бодож суухдаа ухаан санаа минь
мөн л Пазын “Давалгаатай амьдарсан минь” үгүүллэгийг тойрон эргэлдээд
байв. Зүүд, түүн доторх хачин жигтэй үйл явдлууд, дүр, дүрслэлүүд бас
зөн совин, эмх замбараагүй бодлын урсгал, төсөөлөл, үгүй дээ л нүдээ
анихад зовхин хөшигний минь ард эрээлжлэн жирэлзэн, нэгээс нөгөөдөө
уусан үзэгддэг элдэв зураг бидний амьдралын нэг хэсэг, бүр салшгүй хэсэг
биш гэж үү? Бидний биен дотор орших мөртлөө тойрон хүрээлэгч ахуйгаас
гадна үлдсэн тэр л зураг, зөн, мэдрэмж, сэтгэлгээ сэлтийг үгээр барьж,
дүрсээр буулгах гэж зориглосон “Хачин нөхдөд” харин ч талархмаар. Ахуй
гэгч нь үнэндээ туйлын хуурмаг үзэгдэл болоод жинхэнэ үнэн тэнд, тэнд л
байдгийг бид нэг л цагт нийтээрээ зэрэг мэдвэл яана? Тийм цаг ирж
гэмээнэ мөнөөх “гаж, солиотой” сюрреалистуудыг жинхэнээсээ
“сюр-реалистууд” гэж хүлээн зөвшөөрөх хэрэг гарах вий..."
/Нобелийн шагналт зохиолч Октавио Пазын "Давалгаатай амьдарсан минь" нэрт өгүүллэгийг орчуулсан минь Ногоон мөчир сайт дээр тавигдлаа./

5 Сэтгэгдэл:
Гэвч би түүний оршихуйн төвд хэзээ ч хүрч очиж байсангүй. Үхжих, өвдөн шархирахын нүцгэн үнэнг нь ч тэмтэрч үзсэнгүй. Эмсийг эмзэг, өршөөлгүй болгогч нууцлаг талыг нь, холбоо үүсгэж, татвалзуулан, тэгснээ нумруулан хотойлгоод адгуу мансууралд хүргэдэг тэр цахилгаан товчлуурыг нь бодохуй давалгаанд ер нь оршихуй, оршихуйн төв гэж байдаг ч юм уу даа гэж бодмоор. Түүний сэрэл мэдрэхүй нь алив эмсийнхтэй нэгэн адилаар долгилон түгэж, чингэхдээ нэгэн зүгт хурах бус олон тийш сарнин замхарсаар сансар огторгуйн өөр хэмжээст хүрээд оччихно. Түүнийг хайрлах нь алсын холбоогоо өргөтгөх, хэний ч таамаглаж байгаагүй холын оддын чичиргээнд нэгдэх үйл юм. Гэвч түүний төв нь... үгүй ээ, түүнд төв гэж байхгүй, тэр зүгээр л ороолсон хуй салхины голдох хоосон шиг намайг ховх сорон аваад аймшигтайгаар багалзуурдахыг нь яана.
Эр хүний авран хамгаалагч болох боломжоос илүүтэй хүүхнүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг зүйл үгүй шүү дээ. Миний аврагч хамаг л арга мэхээ үзүүллээ. Гэвч тодорхой хязгаарын дотор хашигдсан бие махбод, сэтгэл зүрхний эзэн эмэгтэй байнга хувиран өөрчлөгдөж, хувирал бүрийнхээ төвд өөрөөрөө үлдэн чадагчийн өмнө юу ч хийж хүчрэх билээ.
Tusgul ni evguitsmeer yumaa.
Mиний сонирхол татдаг үгүүллэгүүдийн сонин хачин нь төгсгөлдөө л байгаад байх шиг ээ! Тэхдээ энэ арай өөр өө.
Энэ өгүүллэгийн орчуулгад хэтэрхий их төлөөний үг хэрэглэсэн байна гэжээ. Өгүүллэгийн өөрийнх нь онцлог гэж нэг юм байна. Давалгаа гэчихвэл яг цэвэр давалгаа биш, хүүхэн, бүсгүй гэвэл бас биш, завсарын, хоёрдмол шинжтэй, тэгсэн атлаа нэг тийм өөрийн гэсэн тодорхой оршихуйтай зүйлийн тухай гарч буйг анзаараагүй бололтой. Нэг талыг нь бариад оноогоод нэрлээд явбал орчуулга худал болох тул яалт ч үгүй төлөөний үг хэрэглэх шаардлагатай. Цаад эх нь ч тийм бий... Бас нэг нөхөр эх зохиолтой нь тулгаж үзсэн бололтой. Болж дээ.
Post a Comment