2012-01-09

Сул тэмдэглэл

2012-01-09
"Алтан өд" гэдэг наадам сэтгүүлчдэд хаалттай байлаа гээд буруу нь ч бас юу байхав. Зохиолчдын эвлэл гэдэг нэртэй иргэний нийгмийн байгууллага байгууллагынхаа шилдэгүүдийг шалгаруулж байгаа нь нийт уншигчдад, нийт ард түмэнд ямар хамаа байна. "Алтан өд"-ийг зохиолчдын хорооны гишүүн хүн л авдаг бол шүү дээ.

Зохиолчдын эвлэл гэж байгууллага гишүүддээ л хамаатай нэр алдарын хуваарилалт хийчихээд түүнийгээ Монголын утга зохиолын шилдэг мэтээр сурталчилдаг нь донгиорол. Энд нэр алдар уг нь хамаагүй л дээ. Гэхдээ зохиолчдын хорооны ганц хийдэг ажил нь  шагнал олгох, шагналд тодорхойлох шүү дээ. Уг нь гишүүдийнхээ оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн эрх зүйн орчинг сайжруулахад мэргэшсэн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, хуулийн төслийн боловсруулалтанд гар бие оролцох, эрх нь зөрчигдсөн гишүүндээ өмгөөллийн дэмжлэг үзүүлэх, гадны эрдэм шинжилгээ, судалгаа, утга зохиолын байгууллагуудтай хамтран ажиллаж, хэдхэн дарга нар аялаад байх биш гишүүдээ хөгжихөд тус дэм болох, олон улсын нэр хүндтэй зохиолчдыг урьж ирүүлж лекц, хурал тавиулдаг байх, залуучуудаа сургууль соёлд явуулдаг байх нь тэдний үндсэн ажил баймаар.

Ядаж цахим мэдээллийн эринд оршиж буй, бичгийн өвд тулгуурласан байгууллага байж интернэтэд ганц вэб хуудас босгоод аятайхан аваад явчихаж чадахгүй байгаа улсыг юу гэхэв. Тэгтэл "Соёл-яруу найргийн академи" хэмээх би андуураагүй бол хоёрхон хүний орон тоотой байгууллага  http://muzo.mn/ гээд уран зохиолын бүхэл бүтэн онлайн мэдээллийн бааз нээчихлээ шүү дээ.  Бас уран зохиол, хэл шинжлэл, Монгол судлалын http://www.greenbough.mn/ гээд дагнасан вэб сайт  байгуулагдсаных нь ард миний үеийн хоёр гуравхан залуу бий. Тэгтэл http://ayurzana.mn/ гээд хувь хүний сайт хүртэл нээгдчихэж. Энэ бүхэнтэй харьцуулвал "Монголын" гэсэн тодотголтой, өчнөөн олон гишүүнтэй, 3 давхар /4 ч билүү?/ байртай МЗЭ-ийн юу хийж суудаг нь үнэхээр бүрхэг юм даа.

Бас нэр дээр нь гардаг "Утга зохиол урлаг" гэж сонин байна. Үнэхээр дампуурсан сонин. Өөр юу хэлэхэв. Тэнд утга зохиол, урлагийн тухай олигтой мэдээлэл үзээд өгье гэсэн ч байхгүй. Хоёр жилийн өмнө нэг нээгээд хартал "Нобелийн шагналт зохиолч Пауло Коэло" гээд бүтэн нүүр юм туучихсан байсан. Би л лав Коэлог Нобелийн шагнал авсан гэж дуулаагүй. Тэгээд л сэкс зөвлөгөө, архины маазраа, зурхай, далд ертөнц, хамгийн сайндаа хуучны тулхтай улсын бэлтгэж байсан архивын материалаараа биднийгээ гялайлгана шүү дээ. Өө, өнөөх мундаг зохиолчдын чинь гар дороос гарч байгаа сонин нь, тэдний захиалж уншдаг сонин нь энэ юм уу? гэж уулга алдмаар.

Бас нэг хүн зохиолчдын хорооны номын санд суух гэж очоод олоогүй тухайгаа ярьж байсан. Мань хүн гадагш дотогш их тэнэчихсэн болохоороо зохиолчдын байгууллагын хажууд заавал номын сан байдаг гэсэн хатуу ойлголттой. Тэгтэл манай 3 давхар зохиолчдын байгууллагад номын сан битгий хэл зохиолчдынх нь шинэ уран бүтээлийн дээжтэй танилцчих ханын самбар, ядаж ном хэвлэлийн сээтэг ч байхгүй. Уг нь гишүүдийнхээ уран бүтээлийг архивлаж, каталогижуулаад уншигчдад дэглэж, номын сан маягаар үйлчилдэг байх учиртай л даа. Бүр цаашилбал зохиолчдынхоо уран бүтээлийг орчуулах, гадагш түгээхэд ч менежмэнт хийж, гадагш тархаж буй үйл явцынх нь дунд зохиогчийн эрх энээ тэрээг нь хамгаалдаг байх ...  За энэ тухай яриад нэмэргүй ч юм уу? Уг нь энэ бүхнийг хийхэд мөнгө биш, толгой л хэрэгтэй ш дээ. Олон улсын, олон нийтийн, төрийн бус байгууллагуудтай хирэндээ зууралдчихсан хүний хувьд хэлэхэд, харахад ийм л харагдаж байна даа.

11 Сэтгэгдэл:

Я.Баяраа said...

Хэтэрхий гэгээн, хэтэрхий ариун, хэтэрхий ядуу монголын уран зохиол

Enbos said...

МЗЭ-г хүмүүс тэгэж яриад л байдын, миний хувьд энэ айтар газраас даанч хол, нүдэн балай чихэн дүлий байгаа минь сайн хэрэг юм даа.

Б.Баясгалан said...

Би уг нь гишүүн энэ тэр нь биш л дээ. Гэхдээ энэ байгууллагын хар нөлөө гэмгүй мөрөөрөө явж байгаа хүмүүст ч халдаад байх юм. Яг л шүтлэгтэй хүний сүсгийг шуналтай ламын явдал сэвтээгээд байдаг шиг.

П.Батхуяг said...

санал нийлэхээс өөр арга алга,үнэн юмтай

Б.Баясгалан said...

Хуучин цагт зохиолчид нь юм хийхгүй байлаа гэмээнэ уншигчид нь тэднийхээ гар дороос гарах юмыг хүлээгээд амар сууж байдаг байсан юм биз. Гэтэл одоо өөр болжээ. Манайхныг найр наадмаа хийгээд, шагналынхаа тоог гүйцээх гээд гүйлдэж байх зуур уншигчид нь наагуураа тэр Паула Коэлэгийнх нь, дунд хэсгээрээ Мураками гэж Япон эрийн уншигчид болоод, арай дөнгүүр нь бүр цаашлаад талийж өгөх нь. Өмнөөс нь Монгол зохиол энээ тэрээ ярьвал бараг л "Тийм ямар юм байдаг юм?" гээд нүдээ эргэлдүүлээд байгаа улсыг би л лав буруутгаж чадахгүй.

Интернэт төвтэй ном уншдаг клубын залуучууд дандаа гадны хэл дээрх ном сонгож аваад уншина, уншиж дуусаад цуглаж хэлэлцэнэ. Арга барсан мань мэт нь "Та нар Монгол зохиолоо уншаач? Монголд чинь ийм ч, тийм ч гоё зохиол байдаг ш дээ," гэж үнэн худлыг холин байж ятгаж байгаа юм. Тэгтэл миний санал болгосон Монгол номуудаас ганцханыг нь үлдээгээд бусдыг нь унших жагсаалтаасаа хасчихсан байсан. Тэр нь бүр Монгол зохиол ч биш, Монгол хэл дээр орчуулагдсан гадаад зохиол гэвэл яах уу?

Уншигчид нь талийгаад алга болчихоод байхад зохиолчид нь энүүхэндээ ухнатаад, бараг уншигчдаасаа "ямар юм байдаг юм?" гэж асууж суухаар хэмжээний "өөрийн боловсролтой улс явж байх юм даа...

Тэгээд одоо яамаар ч юм бэ дээ???

Жаргалсайханы ОРГИЛ said...

Үнэн дампуу газар ш дээ. 90 оныхон бүлт бүлт жийгээд авсан өнөөдөр улам дордуулаад байна. Тэд өндөр настнуудынхаа үхширмэл, шагналаас цаашгүй байдалыг үзэн ядаж байна гээд л аваа биз дээ. Өнөөдөр өөрсдөө улам дордуулчихаад байна.

Anonymous said...

bi bas nemj muulaad ch yahav de.hetsuu l gazar

П.Батхуяг said...

одоо уншдаг зохиолч хөгшин залуугүй нүдний гэм болжээ. аймаар юм

Enbos said...

за ер нь тэгээд жаахан маазархад: СЭКС гэдэг үгийг СЕКС гэж бич Баясаа минь, эсвэл бүүр монголчлоод СЭЭГС гэчихвэл бүр догь.

Б.Баясгалан said...

Тэрэн дээрээ тулвал "Сээгэс" гэж бичнэ.

Anonymous said...

chi helsen shuu

 
◄Design by Pocket Distributed by Deluxe Templates